Б.АЛТАНЖАРГАЛ: БИ НАЙР ХУРИМАНД НЭГ ИХ ОЧИЖ ДУУЛДАГГҮЙ

“Ардын дууны Алтанжаргал” гэхээр монголчууд андахгүй. Түүний уран бүтээл хөгжмийн урсгал чиглэл харгалзахгүйгээр олны таашаал сонирхолд нийцэж, ардын урлагийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлж байгаа билээ. Тиймд дуучин Б.Алтанжаргалтай цөөхөн хором хөөрөлдлөө.


-Таныг сүүлийн үеийн хамгийн эрэлт ихтэй дуучин гэж бодож байна. Найр хурим дээр дуулах урилгаас эхлээд хүсэлт их ирдэг үү?

-Найр хуриман дээр дуулаач гэсэн захиалга их ирдэггүй юм. Хаа нэг л  ирнэ. Ер нь найр хуриманд явахаасаа явахгүй нь их дээ.

-Зөвхөн ардын дуугаар дагнах санаа өөрийнх тань уу, эсвэл хэн нэгэн зөвлөсөн үү?

-Энэ талаар их удаан бодсон. Ер нь ардын дууг  дуулвал ард түмэнд яаж хүргэх үү, ардын богино дууг дуулвал яаж хүргэх үү гээд л. Ардын дууг дуулж гарч ирсэн минь бас цаг үетэйгээ маш сайн зохицож гарч ирж чадсан гэж миний хувьд боддог. Ардын богино дууг орчин үеийн хөгжилтэй хослуулаад, этник гэдэг урсгал руу оруулаад уран бүтээлээ хийвэл өнөө цагийн  ард түмэнд хүрэх нь арай илүү ойр юм болов уу гэж. Уртын дууг хаана ч,  хэзээ ч дуулсан хуучирна гэж байхгүй. Яагаад гэвэл бидний мах цусанд  ардын дууны аялгуу, хөг эгшиг, тэр дууны  бүтэц бүрэлдэхүүн бүгд нэвт шингэсэн байдаг учраас уртын дуу  хэзээ ч дуулсан үнэ цэнэтэй  мартагдахааргүй юм. Өөрөөр хэлбэл бидний үндэсний оюуны бүтээл учраас уртын дуу бол агуу урлаг юм.   

-Та ер нь зохиолын дуу дуулах уу?

-Хийх ажил маш их байна. Ардын дуун дээрээ голчлон ажиллаж байгаа. Энэ сайхан дуу хэзээ ч шавхагдашгүй арвин учраас, одоогоор зохиолын дуу дуулья гэсэн төлөвлөгөө алга. Мэдээж сэтгэл санаанд таарсан дуулчихмаар сайхан дуу байвал зохиолын гэлтгүй уран бүтээлч хүний хувьд дуулна. Одоогийн байдлаар зохиолын дуу нэг ч дуулаагүй байгаа.

-Ер нь зохиолын дуу бичдэг яруу найрагч , ая зохиогч  нараас ”Миний энэ дууг дуулаад өгөөч“ гэсэн санал ирэх юм уу?

-Ирнээ. Гэхдээ эхний ээлжинд би  “Ардын сайхан урлагаа  ард түмэндээ хүргэе. Энэ төрлөөр илүү олон уран бүтээл хийе ”гэсэн зарчим өөртөө тавьж байгаа. Хүн болгоны  мэддэггүй тийм ардын дууг сөхөж гаргах, хүргэх гээд ажил их байгаа болохоор зохиолын дууг түр хугацаанд хойшлуулаад байгаа. 

  •  Та Монголын урлаг, тэр дундаа зохиолын дууны өнөөгийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч юм нэг зогссон цэг дээрээ байгаад л байдаггүй. Тухайн нийгэмтэйгээ хөл зэрэгцэн хувьсан өөрчлөгдөж, тэрийгээ дагаад хөгжиж байдаг хуультай. Миний бодлоор зохиолын дуу эстрад тал руугаа болоод байгаа юм шиг харагддаг. Эхлээд жаахан уянгын, хайр сэтгэлийн сэдэвтэй нийтийн дуу их гардаг байсан. Харин одоо арай ритмтэй эстрад тал руугаа зохилын дуу гарч байна. Энэ бол нийтийн дууны хувьсал бас хөгжил гэж харж байгаа.

  • Хөгжил гэхээр шинэ урсгал жанр орох байх. Гэтэл та хуучны, уламжлалт, ардын дуунуудыг сэргээж дуулдаг. Хуучныг сэргээх нь хөгжил үү, эсвэл зарим хүний үздэгээр ухралт уу?

Ардын дууг сэргээж дуулж байгаа нь яав ч ухралт биш, харин ч эсрэгээ дэвшил юм. Яагаад гэвэл бидний өвөг дээдээс хадгалагдаж ирсэн үндэсний урлаг, оюуны бүтээл мартагдсан байгаа энэ үед нь гаргаж ирж байгаа нь хөгжил. Уртын  энэ сайхан дуугаараа бид өнөөдөр дэлхийд гайхагдаж байна. Учир нь сонин ,содон ая хөгжмийн эрэлд Холливудын ертөнц эрэл хайгуул хийгээд гарахад манай уртын дууг хичнээн их сонирхож сонсож байна. Чамлахааргүй олон уртын дуучид Холливуддтай хамтарч ажиллаж байгаа явдал нь өнөөдөр уртын дуу агуу юм гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл “уртын дуу гайхамшиг” гэдгийг эрэл хайгуул дээрээ явж байгаа  дэлхий нийт бид нараас мэдрээд байгаа нь өөрөө том бахархал юм.

  • Ахмадууд ярьдаг нэг дууг аяыг нь жаахан өөрчлөгдөхөөр санал нийлдэггүй. Байгаагаар нь дуулахгүй гээд их дургүй байдаг.

Аливаа юм хувьсан өөрчлөгддөг гэж би дээр ярьлаа. Гэхдээ ардын дуу бол унаган мах, шинж чанараа алдаагүй, өөрчлөх ч арга ч байхгүй. Хөгжмийн найруулга л өөр болж байгаагаас биш8 дуу тэр чигтээ өөр болно гэж байхгүй.

  • Хэн дуртай нь шууд дуучин болохгүй байх. Монголд шалгуур, босго байдаг гэж боддог уу?

Байлгүй яахав. Урлагт арын хаалга байхгүй гэдэг зарчмаар урлагийн сургуулийн хаалгыг татсан тэр цагаас энэ хүн урлагийн хүн үнэхээр болох уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны аясаар шигшигдээд ирдэг. За нэг хорин хүн дуучин болно гэхэд хоёр нь яг дуучин болж үлдэх ч юмуу, урлагийн босго шалгуур өндөр шүү.

 

  • Та хувийн продюсертай юу?

 

Байгаа.“Талын эзэн”ХХК болон “Naad” брэндийн хамт олонтой хамтарч ажилладаг.

 

-Урлаг бол шуугиантай, өрсөлдөөнтэй, нөгөө талаар хийж бүтээхгүй алгуурлах л юм бол орхигдож гээгдэж мэдэх харгис хатуу ертөнц шүү дээ. Гэтэл та уурхайд ажиллахынхаа хажуугаар уран бүтээлээ яаж амжуулдаг хэрэг вэ?

Үзэгчид их уйдамхай. Байнга шинэ соргог содон зүйлийг уран бүтээлчдээс хүлээж байдаг. Миний хувьд хотоос зайтай Багануурт дүүрэгт ажиллаж амьдардаг. Ийм тохиолдолд уран бүтээл бага зэрэг орхигдох гээд байдаг тал бий. Гэхдээ аль болох ажлаа ч , уран бүтээлээ ч орхигдуулахгүйг хичээж байна. Одоогийн байдлаар уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж байна. 

 -Таныг их сайхан залуу. Орчин үеийн Ганган төгс, Торой банди шиг залуу гэлцдэг. Магадгүй таныг эрэгтэй хүний тань хувиар сонирхох, өдөх тохиолдол хэр гардаг вэ?

Тийм юм байхгүй ээ. Яахав уран сайхны  ертөнцөөр харахад шилийн сайн эр шиг харагдаад байгаа боловч тайзны дүрээ арай өөрөөр харуулахыг боддог. Бөхөөс ялгаатай ч юмуу арай өөр Монгол эр хүнийг. Тэр хүнийг бүтээхийг тулд би Сүхбаатарын дүрд тоголсон Дашваанжил жүжигчингийн хувцаслалт,  биеэ авч байгаа байдлыг клипэндээ үлгэрлэн харуулахыг хичээдэг.  Нөгөө талаас ардын сайхан дуу дуулж байгаа болохоор яалт ч үгүй  тухайн цаг орчинд нь очих шаардлага гарч ирж байна л даа.

-Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

Надад элдэв маяггүй байгаагаараа л байгаа эмэгтэй хүн таалагддаг.

Танд чөлөөт цаг ер нь гардаг уу. Гардаг бол юунд зарцуулдаг вэ?

Тархиа сайхан амраах зорилгоор хөдөө ууланд гарахыг хичээдэг.

-Нууц биш бол таны сарын орлого хэд вэ?

Бусдын жишгээр л байна даа. Ер нь хаана амьдарч байгаагаас шалтгаална л даа. Зарлага багатай газар амьдарч байгаа бол миний авч байгаа цалин тэнд өндөр орлоготойд тооцогдоно. Нийслэлдээ амьдарч байсан  бол яг л нэг дундаж түвшинд орлоготой байна гэж хэлнэ дээ.

-Мөнгө гэж таны хувьд юу вэ?

Мөнгө бол хэрэглээ. Тийм учраас хэрэглээгээ зохицуулаад л явж байна. 

-Олны танил байх нь танд таалагддаг уу?

Надад “би олны танил” гэсэн юм мэдрэгдээд байдаггүй ш дэ. Олны танил болсон хойноо л мэдрэе./инээв/

 

-Өнөөгийн сошиал хөгжсөн энэ нийгэмд уртын дуу сонсогчийн хүрээлэл ямар байгаа вэ?

 

Уртын дуу сонсох хүрээлэл ч тэр, уртыг дууг сонгож соёл урлагийн их сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн тоо ч нэмэгдсэн гэж боддог.Миний үед  цөөхөн хүүхэд элсэж ордог гарын хэдхэн хуруунд багтах цөөн хүн  ардын урлагийн ангийг төгсдөг байлаа. Одоо нийгмээ дагаад урлагийг ойлгодог, сайхан мэдрэмжийг авч чаддаг хүмүүс их болсон байна. Тэр утгаараа ч сонсогч их, ялангуяа гадаадад байгаа Монголчуудад бол бүүр илүү эрэлт байдаг. Аливаа улс орон үндэснийхээ урлагийг нэгдүгээрт тавьж байж урлаг нь цаашаа хөгждөг. Одоо манай улс үндэснийхээ урлагийг нэгд тавьж байгаа гэж хардаг учраас ардын урлаг илүү их хөгжинө гэж харж байгаа.

 

-Таныг би хувьдаа маш сайн PR, маркетинг хэрэглэж байгаа дуучин гэж харж байна.  Одоо та урлаг дахь орон зайгаа яаж харж байгаа вэ?

 

Одооны нийгэм телевиз, радио, FM гэхээсээ илүү сошиал тал руугаа болчихсон байна. Хүн болгон дуртай зүйлээ хийдэг болсон энэ үед  зөв үлгэрлэх  замаар сайхан юм хийчих юмсан гэж л бодож явдаг. Зөв хүн байж гэмээнэ гарч байгаа үйлдэл,  үйлс минь нэг шугамд цэгцтэй сайхан явна гэж боддог.

 

 

 

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он