АЖЛЫН ДӨРВӨН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЦАГ АЙСУЙ

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын цагийг багасгах нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг буурулахгүйгээр ажлын цагаа багасгах боломж зарим улсад бүрдэж эхэлжээ. Энэ үзэгдэл эхлээд тодорхой компаниуд дээр яригдаж байсан бол одоо улс орны хэмжээнд турших хэмжээнд очжээ. 

БНСУ-ын үлгэр жишээ

Бидний сайн мэдэх БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй болох асуудал ид яригдаж, олны анхаарлын төвд байна. Төдийлэн үнэмшилгүй сонсогдож байгаа энэ санааг хэрэгжүүлэх, адаглаад туршиж үзэхээр зүтгэж байгаа нь Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хүчин чармайлттай холбоотой юм. Тэрэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Ажлын цагийг багасгаж өгнө, ажлын дөрвөн өдөртэй болгоно” гээд амалчихсан юм байна. Тиймээс л Төлөөлөгчдийн танхимын нэг гишүүн нь энэ асуудлыг онцгой хүчин чармайлттай хөөцөлдөж байгаа аж. 

Эрх баригч Ардын ардчилсан намын эрх бүхий албан тушаалтан өнгөрсөн нэгдүгээр сард  “Ажлын дөрвөн өдөрт шилжих”-ийг сурталчлах уулзалтынхаа үеэр 2010 онд Чунжу хотын гоо сайхны бараа үйлдвэрлэгч 2010 онд ийм туршилт хийгээд гайхалтай эерэг үр дүн гаргасан талаар цугласан олонд ярьж өгчээ. Тэр үйлдвэр долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болсноор борлуулалт нь 20 хувиар нэмэгдэж, ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэх боломж гарсан гэнэ. 

“Хэрвээ энэ жишээ амьдрал дээр батлагдана гэж үзвэл бид ердөө ажлын цагийг долоо хоногт 52 болгож бууруулснаараа 500 000 ажлын байр бий болгож чадна” гэж тэрээр ярьж байжээ. Энэ санааг хэрэгжүүлэхийг дэмжигчид ажлын зургаан өдрөөс таван өдөрт шилжсэн шилжилтийг жишээ болгодог. Тухайн үед ажлын таван өдөртэй болсноор ажиллах цаг улс орнуудын онцлогоос шалтгаалаад долоо хоногт 4-12 цаг, жилд 200-500 цагаар буурч байжээ.

Ажлын зургаан өдрийг тав болгож бууруулах шилжилт улс орон бүрт эсэргүүцэл, үл итгэлцэх явдалтай нүүр тулж байсан аж. Жишээ нь, 13 жилийн өмнө БНСУ ажлын таван өдөртэй болоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баруун солгойгүй шүүмжилж, “Эдийн засгийг сүйрүүлнэ” гэцгээж байж. БНСУ өдөрт олон цаг ажилладаг болохоор жилд 500 шахам цагийн хөдөлмөр үгүй болчих гээд байж ядаад байж л дээ. Гэвч ухаантай улсууд бодож тооцоолоод хийсэн ажил учраас бүтээмж буураагүйн дээр эдийн засаг улам хүчирхэгжсэн аж. Тиймээс долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох санаачилгыг гаргасан нөхөд энэ удаагийн шилжилт ч эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд эерэг нөлөө авчирна хэмээн үзэж байгаа юм байна.

Жирийн иргэдийн хувьд, энэ санааг талархан хүлээн авч байгаа ч боломж байгаа сэхэд эргэлзээтэй хандаж байгаа юм байна. Өөрөөр хэлэл, ажлын цаг багасгах нь сайхан ч цалин хөлс хэвэндээ байж чадах эсэх дээр асуултын тэмдэг тавьж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ болромжийг бүрдүүлэхийн тулд бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжөөс авахуулаад олон урьдач нөхцлийг хангах шаардлагатай учир магадгүй, тодорхой хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-тай уялдаж гарч ирж байгаа “ажлын цагийг хорогдуулах” үйл явцыг яагаад ч сөрж чадахааргүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь нэг ололт болж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын Үндэсний ассамблей үйлдвэрлэл, ажлын байрны ирээдүй сэдвээр хуралдсан. Шударга ёсны намын төлөөлөгч Ро Хо Чан, Ардын ардчилсан намын төлөөлөгч Со Хён Су нарын санаачилгаар зохион байгуулагдсан уг хурлаас 2020 он гэхэд солонгос ажилчдын ажиллах цагийг 1800 болгож бууруулах /одоо 2113 байгаа/ болгож бууруулах ёстой гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Үүний тулд амралтын өдрийг заавал амарч өнгөрөөх, илүү цагаар ажиллахыг хориглох зэргийг хуульчилж өгөх шаардлагатай гэж чуулганд оролцогчид үзжээ.

БНСУ-ын хувьд, хөдөлмөрийн хуулиар бол долоо хоногт ажлын 40 цагтай гэж явдаг, илүү гарвал илүү цагаар ажилласанд тооцдог. Гэхдээ амьдрал дээр долоо хоногт 40 цаг ажилладаг үйлдвэр, албан газар бараг байдаггүй гэдгийг Солонгосын нийгэм, хөдөлмөр судлалын институтээс хийсэн судалгаа бэлээхэн харуулж байгаа аж.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн дэвшил хүн төрөлхтнийг хөл хөсөр, гар газар байлгах төвшин рүү бага, багаар дөтөлж байгааг бид бүгд мэддэг. Хүний хийх ажлыг робот хийдаг болсон. Иийм боломж бүрдэж байхад хүн төрөлхтөн махан бодиороо хөдөлмөрлөөд байх шаардлага үнэндээ байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд баялаг үйлдвэрлэгчид цуглардаг тул баялгийн хуваарилалтыг хэтэрхий нэг талд гаргачих эрсдэлтэй юм. Тиймээс ажлын дөрвөн цагт шилжихдээ цалин хөлсний хуваарилалтын асуудлыг нэн тэргүүнд бодолцох ёстой гэж байгаа нь зөв юм.   

Хүний хийж чаддаг олон ажлыг цаашдаа роботууд хийх нь залшгүй болсон. Роботод ажлаа булаалгасан ажилчдын арми өпдрөөс өдөрт ихсэж байна. Хэрвээ ажлын цаг ихтэй байгаад шууд ажилгүйдэлтэй нүүр тулбал тухайн хүндээ их хүн тусна. Үйлдвэрлэгчдийн эсрэг хувьсгалд ч түлхэхийг хэн мэдлээ. Чухам тийм учраас л ирж яваа цагийн өнгийг мэдрээд одооноос ажлын цагийг багасгах талаар бодитой алхам хийх ёстой гэж алсын хараатай хүмүүс хэлээд байгаа нь зөв юм. Ажлын цагийг багасгах санаа ч эндээс үүджээ.

Юта муж

2008 онд АНУ-ын Юта мужийн төрийн бүх албад өдөрт 10 цагаар даваагаас пүрэв гариг хүртэл ажиллаж үзсэн. Төрийн захиргааны байгууллагууд баасан гаригт ажиллахгүй болсон. Энэ нь цахилгаан дулаан, төрийн байгууллагын тээврийн хэрэгслийн шатахуун хэмнэх цэвэр эдийн засгийн зорлготой зохицуулалт байсан юм. Юта муж удалгүй энэ хэмнэлтээ зогсоосон ч олон байгууллага ажлын дөрвөн өдөртэй хэвээр үлдсэн байдаг. 

Хавайн дунд сургуулиуд

АНУ-ын Хавай мужийн Ерөнхий боловсролын сургуулиуд 2010 онд 17 баасан гаригт хичээллээгүй юм. Өөрөөр хэлбэл төдий тооны долоо хоногт хичээлийн дөрвөн өдөртэй байж үзжээ. АНУ-ын өөр, өөр мужид 100 гаруй сургууль дээрх горимоор хичээллэж байсан нь мөн л эдийн засгийн хэмнэлттэй холбоотой байсан юм.  

Гамбийн төрийн алба

Гамбийн Ерөнхийлөгч Яхья Жамме 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албыг ажлын дөрвөн өдөрт шилжүүлэх зарлиг гаргасан байдаг. Баасан гаригийг залбирал үйлдэх, өрхийн газар тариаланд зориулан сулласан нь энэ юм. Я.Жаммегийн дараагийн Ерөнхийлөгч Адам Барроу 2017 онд уг шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. 

Румын

Тус улсын IT компани даваа гаригийг амралтын өдөр болгосноо 2016 онд зарласан. Ихгэснээр баасан гаригт гарах ажлын бүтээмж маш өндөрссөн гэж компанийнхан баталдаг аж. 

Шин Зеланд

Perpetual Guardian” компаних 2018 оны гуравдугаардугаар сараас ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг эхлүүлсэн. Эндрю Барнс хэмээх захирлын санаачилсан энэ ажил тухайн үедээ дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байв.

Их Британи

2018 оны сүүл, 2019 оны эхнээс ажлын дөрвөн өдөртэй болох санаачилга хүчээ авч байгаа. Английн “Simply Business” лавлах, Шотландын Эдинбург хотын “Aizle” ресторан ажлын дөрвөн өдөртэй болсон. Энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлж болно.

       

 

Улаанбаатарт үндэсний загвартай барилга байгууламж, урлагийн бүтээл хэрэгтэй байна

Байгалийн түүхийн музей, Драмын театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг хуучирч муудсан таван барилгыг Засгийн газрын шийдвэрээр нураах гэхэд нийтээрээ эсэргүүцэж, “Түүхэн дурсгалт барилга байгууламжийг нураах гэлээ” хэмээн үймээн дэгдээх шахаж байж дөрвийг нь нураалгалгүй үлдээсэн билээ. Энэ бол нэг талдаа нийслэлчүүд түүхэн дурсгалт барилгууддаа хайртай, үндэсний, сонгодог хэв маягийн архитектурыг хүсч байгааг харуулах боловч нөгөө талдаа үндэсний хэв загвартай барилга байгууламж, урлагийн бүтээл байхгүй гэдгийг харуулж байгаа юм.  

Хотын өнгө үзэмжийг бүрдүүлэгчийн нэг нь яах аргагүй зөв төлөвлөлт, өнгө үзэмжтэй барилга байгууламж. Францын Парис, Австрийн Вена, ОХУ-ын Санкт Петербург хотуудыг очиж үзсэн хүмүүс нь дэлхийн хамгийн сайхан хот гэх юм билээ. Яагаад гэж асуухаар тайван орчин, байшин барилгын дизайн, урлагийн бүтээлүүд ихтэй гэж хариулдаг.

Гэтэл манай нийслэл энэ тал дээр тун ч хангалтгүй. Гэхдээ цаашдаа сайн сайхан болох боломж бий. Тайван орчин нь бол байна. Украин, орос, япон, солонгос, ирланд гээд зүсэн бүрийн хүмүүстэй уулзахад “Монгол тайван орон, Улаанбаатар тайван хот” гэж санал нэгтэй хариулах юм билээ. Харин барилгын дизайны шийдэл, хотын өнгө үзэмжийг нэмэх урлагийн бүтээлийн хувьд хэлэх үг байгаа юм.

Юун түрүүнд, холбогдох байгууллагууд нь барилгын өнгө үзэмжид  шалгуур тавьдаг болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол компаниуд хаа нэг газраас бэлэн барилгын зураг төсөл ашиглаж бариад байна. Нийслэлд хятад загвартай байшин олширлоо. Манай нийслэлд дүнхийж байгаа олон барилгын “ихэр” нь урд хөршид байж байдгийг тэнд сурдаг оюутнууд батлан ярьж байгаа юм. Өвөрлөгч хөршид очиж үзсэн гадаад хүн Улаанбаатарт ирвэл Хятадын нэг хотод ирчихлээ гэж бодож ч магадгүй.  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Хятадын нэг хот шиг харагдаад эхлэхээр ямар олиг байх билээ. Өмнө нь байсан хэд нь ЗХУ-ын захын мужуудын загварыг хуулчихсан дээр нь сүүлд баригдаж байгаа нь урд хөршийн загвартай. Бид хоёр хөршөөсөө өөр үндэстэн, тусгаар улс мөн л бол барилга байгууламж дээр ч харагдаж л байх ёстой. Тиймээс үндэсний загвартай барилга байгууламжуудыг барих шаардлага байна. 

Хот сайхан гэж хэлэгдэхийн бас нэг үндэс бол нүдний чимэг болсон урлагийн бүтээлүүд. Санкт Петербург хот бол дэлхийн хамгийн олон хөшөөтэй хот. Гэхдээ тэд нь манайх шиг бүрлээчийн хөшөө огт биш, жинхэнэ урлагийн бүтээлүүд байдаг учраас хотоо чимж чаддаг. Манай хотод ийм болох боломж бүрэн байна. Дүрслэх урлагийн чиглэлээр жилд хэдэн арван боловсон хүчин бэлтгэгддэг. Тэд урлагийн бүтээл хийх хүсэл их байдаг ч газар олддоггүй нэг зовлонтой юм билээ. Хэрвээ газар нь олдвол өөрсдөө үнэгүй бариад өгөхөд ч бэлэн гэх хүмүүстэй таарч байсан. Газар олддоггүй учраас макет чигээрээ үлддэг юм байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг тэрбумаар хэмжигдэх төгрөгөөр нохойны хөшөө барьсныг сонсоод дээрх уран барималчид савж унах шахсан гэнэ лээ. Нэгэнт нийслэлд газар олддоггүй учраас энд, тэндэхийн жуулчны бааз, амралтын газруудад очин гараа эцээж, нүдээ чилээж суудаг аж. Зарим нь эзгүй газар ч хөшөө барьсан байх шиг. Одоохондоо сайн дурын уран сайханч хийж яваа иймэрхүү нөхдийн дунд аявьяаслаг уран бүтээлчид бий. Тэднийг ашиглаад нийслэлээ Санкт Петербург биш юм аа гэхэд Европ, Азийн уран баримал, уран барилгын нийлбэр нэгэн өвөрмөц урсгалыг бий болгосон хот болох боломж бүрэн байна. Эхний ээлжинд хоёр тэрбум төгрөг гаргаад хөшөө, цогцолбор, чимэгийн уралдаан зарлаад хэрэгжүүлээд үзэхийг хотын даргад зөвлөж байна. Баянзүрхийн манаач хоёр банхарын өртөг хэр бодитой байсан нь тодроод л ирэх вий. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он