ЯМААНД ЗААВАЛ ЯЛ ӨГӨХ ЁСТОЙ

МОНГОЛЫН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ЯЛ ТОХДОГ ТЕХНОЛОГИ

Монголын хууль, хяналтын байгууллагад бий болсон нэг гаж үзэгдлийн талаар ярих цаг болжээ. Хэдийгээр ажлаа яаж явуулахаа захын мань мэтээр заалгахгүй гэж зантагнах байх, хууль шүүхийнхэн. Үнэн л дээ. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж үгтэй нь үнэн. Монголын бүхэл бүтэн хууль, шүүхийн систем гагц үүгээр шүүмжлээд засарчихна, эс бөгөөс эгнэгт алдаа эндэгдэл гаргахгүй болчихно гэж бодохгүй байна. Гэвч үнэхээр л дуугүй өнгөрөх аргагүй дутагдал энэ салбарт бий болжээ. Энэ дутагдал нь цаашид олон ч хүний хувь заяагаар тоглож мэдэх аюултайн дээр асар нийгэмд том айдас хүйдсийн хүрд болон эргэж байна. Энэ бол хүссэн хүнээ хэрэгт холбогдуулан яллах технологи юм. Ийм технологийг хууль, шүүхийнхэн хэдийнэ эзэмшиж, өнөөдрийг хүртэл олон удаагийн тохиолдлоор хэрэгжүүлж ирсэн байх юм.

И.Сталин “Хэрэгтэн болгох хүн нь байхад тохох хэрэг заавал олддог” хэмээн хэлж байжээ. Монголын хууль, хяналтын байгууллага түүний энэ үгийг өнөөдөр амьдрал дээр хэрэгжүүлдэг болсон мэт ноцтой дүр зураг харагдах боллоо. Тэдний хийсэн дуулиант баривчилгаанууд ихэнхдээ үнэн мөнийг онох бус, гүжир гөрдлөгө болон төгсөж байгаа нь тун ч эмгэнэлтэй, туйлын харамсалтай.

Энгийн хүн үгээрээ хэн нэгнийг гүжирдэхэд хүртэл хуультай, хүлээдэг ялтай. Тэгвэл Монголд гэмгүй хүнийг хэрэгт гөрдөөд, хилс ял эдлүүлсэн хууль, шүүхийнхэн ямар хариуцлага хүлээдэг вэ. Ийм хэргээр хариуцлага хүлээсэн нэг ч тохиолдол байхгүй. Гэтэл эсрэгээрээ хийгээгүй хэргийнх нь төлөө өчнөөн өдөр, сар, жилээр шоронд хорьдог, баривчилдаг, шалгадаг, тамладаг жишээ маш олон.

Сүр үзүүлэн баривчилж, мөрдөн шалгаж, хорьж цагдсаны эцэст хэрэг нь нотлогдохгүй бол хэрхэх вэ. Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэн баривчилсан, хорьсон болно оо доо. Хууль, хяналтын байгууллагынханд ийм нэр хоч хэрхэвч байж таарахгүй. Тиймд хэрвээ баривчилсан л бол хэрэг хийсэн л “байх” ёстой. Үгүй бол цагдаагийн нэр хүнд сэвтэнэ. Тиймээс тэд өөр хэрэг тохоод ч болтугай, өөрсдийн нэр хүнд, эрх мэдэлдээ хохирол учруулахгүйгээр үлдэж чаддаг байна.

 

Монголын хууль хяналтынхны дордохын 7 жишээ

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд татвараас зайлсхийсэн, мөнгө хөрөнгө идсэн уусан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэргээр хэчнээн олон хүн баривчлагдаж саатуулагдав аа. Тэдний хэд нь анх баривчлагдсан үндэслэлээрээ ял авсан бэ. Хэд нь хэрэг үйлдсэн нь нотлогдож, хэд нь хэрэгсэхгүй болж, хэдийнх нь хэрэг шал өөр хэрэг болж хувирсан бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүртэл ТВ-9 телевизийн хэрэг, Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрын хэрэг, улсын тээвэр ашиглан хувийнхаа ном зөөвөрлөсөн хэрэг гэх олон зүйлчлэлээр сүр бараатай баривчилсан ч ердөө нэг хэргээр нь ял оноосон байдаг. Энэ нь аливаа гэмт хэрэгтнийг өмгөөлөх, эсвэл ял завшуулах ёстой гэсэн санаа огт биш. Гагцхүү тэмээ гэж сүр үзүүлэн дүрэмдэж дүрэмдсэний эцэст “Тэмээ биш, ямаа байжээ” гээд хувиргаж болохгүй л гэсэн санаа. Уг нь тэмээг ямаа гэж андуурч баривчилсных нь буруу байх учиртай. Гэтэл ямар ч тохиолдолд ямааны буруу гэж ял үүрүүлдэг байж таарахгүй ээ.

Нөгөөтэйгүүр, хууль сахиулж, шударга ёс тогтоох нэрийдлийн цаана эрх мэдлээ гажуудуулан ашиглах, иргэдээ хилсдүүлэн хэлмэгдүүлэх бололцоо байна гэсэн үг. Нийгэмд сүр дуулиантай баривчилгаа ихсэж, айдас хүйдэс, хардлага сэрдлэг газар авч байгаа нь Монголд сайхан үр дүн авчрахгүй байна. Хууль, хяналтын байгууллагынхны ажлаа явуулж буй арга барилыг өнөөдөр хүн бүр шүүмжилдэг болов. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байна гэх нэрийдлээр аль л хөрөнгөтэй, боловсролтой залуучуудаа барьж хорьж, шалгаж дарамталж эхэлсэн нь нууц биш. Тэд улай үзсэн хэрээ шиг шалтаг өөнтөг бүрийг алдалгүй шиншилж, юм л бол баривчилна, хорино гэх болж. Ямар ч хүнээс өө сэв, алдаа мадаг гаргаж ирж болно. Яг л Я.Батсүх хуурамч дипломтой байж таарсан шиг. Хууль, шүүхийнхэн ийм арга технологидоо цаашид улам л гаршвал ямар аюул занал нийгэмд учруулж болох вэ. Олон олон гэм зэмгүй Я.Батсүхүүд Монголын шоронд хоригдож, дуртай хүнээ баривчилж, хэрэгт холбогдуулж, хорьж чадах эрх мэдэлтнүүд Монголын нийгэмд айдас хүйдэс татуулах болно гэсэн үг билээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он