ЁСТОЙ ХҮНИЙ ТУУЖ

Энэ жилийн “Чингис хаан” одонг хэнд өгөх бол гэх таамаг өрнөх үеэр олон нийтээс хамгийн их дэмжлэг авсан хүн бол Б.Болдсайхан эмч. Бүр түүнд олгохоор болсон гэнэ ээ гэж хүртэл шуугисан. Ер нь эрүүл мэндийн салбарын хүн атлаа нийгмийн бүх л салбарт түүний нэр хүнд ихээхэн өндөр байдаг нь жигтэй. Өөрөө тэр бүр олны өмнө гарч ирж, ярилцлага өгөөд, мэдэгдэл хийгээд давхиад байдаггүй хэрнээ аль ч цаг үед улстөрчдөөс ч илүү өндөр рейтингтэй байдгийнх нь нууц түүний зүрх сэтгэл юм.

Тэрбээр Оросын зохиолч Борис Полевойн “Ёстой хүний тууж” гэх зохиолын гол баатар шиг манай өнөөгийн нийгэмд ёстой л үлгэр жишээ болохуйц дүр. Өөрөө өвдөж байсан ч бусдыг эмнэж эдгээхийн төлөө өндийдөг эмч. Олон хүүхдэд зүрхний хагалгаа хийж, амьдрал бэлэглэдэг ачтан. Албан тушаал, эрх мэдэл, илүү дутуу ямба суудалд дурлагч биш. Өөрийн бүтээсэн оршихуйдаа даруухнаар аж төрөх боловч хэрэгтэй цагт хэгжүүн атлаа хэвлүүхнээр байр сууриа илэрхийлчихдэг, шударга болоод зарчимч нэгэн. Энэ мэтээр түүнийг үргэлжлүүлэн магтаж болох ч магтаал хүртэл түүнд илүүц санагдахаар тийм л эрхэм дээ.

Ямартай ч өнөөдрийг хүртэл бүтээсэн Б.Болдсайхан гэх хүний нийгэм дэх дүр ийм. Түүнийг ийм эерэг дүрийн эзэн болоход нөлөөлсөн гол зүйл бол “Зүрх мартахгүй” төсөл. Энэхүү төсөл нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж, амь насыг нь аврах зорилготой. Энэхүү төслийг эхлүүлэх болсон учир шалтгаанаа “Монгол Улсад жилд 80 мянга гаруй хүүхэд мэндэлж байна. Гэвч 100 төрөл бүрт нэг зүрхний гажигтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий. Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийн 95 хувьд нь мэс засал хийж эрүүл болгох боломжтой. Гэтэл гадагшаа эмчилгээнд явах зардал маш өндөр. Тиймээс өөрт байгаа боломжоороо энэ бүх асуудлыг эх орондоо шийдье гэж бодсон юм” хэмээн тайлбарласан. Анх ямартай ч 40 хүүхдэд зүрхний мэс засал хийж амийг нь аваръя гэж эхлүүлж байжээ. Тэгтэл төсөл нь олон нийтийн дэмжлэг авсны хүчинд улам өргөжиж, 20 аймгийн 300 сум, томоохон бүх хотод 18 мянган хүүхдийг үзлэг оношлогоонд хамруулжээ. 2027 он хүртэл 1000 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн бол одоогоор 600 гаруй хүүхдэд энэхүү хүнд хагалгаа хийгээд байна.

Жил тутам зүрхний гажигтай 800 орчим хүүхэд төрж байгаагийн дэргэд энэ нь бага үзүүлэлт боловч зөвхөн Б.Болдсайхан гэх ганцхан эмчийн санаачилгаар 600 хүүхэд аз жаргалтай, эрүүл энх амьдралтай золгосон гэж бодохоор чамлах аргагүй сайн сайхан үйл юм. “Зүрх мартахгүй” гэх нэрийг сонгож төслөө нэрлэсэн нь ч цаанаа учиртай. Түүний аав Ц.Бундан улсдаа ганцад тооцогдох зүрхний мэс засалч байсан. Тиймдээ ч зүрхний мэс заслыг Монголд анх удаа хийсэн хүн. Ц.Бундан эмчийн шарил дээр “Зүрх мартахгүй” гэх үг сийлээстэй байдаг ажээ. Үүнийг Б.Болдсайхан эмч аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа гэж бодохын зэрэгцээ аавынх нь аварсан мянга мянган зүрх түүнийг мартахгүй цохилсоор байгаа гэсэн утгыг шингээжээ.

Олон улс орон, эрүүл мэндийн байгууллагууд түүний хэрэгжүүлж буй энэхүү сайн үйлсийг өөрийн орондоо нэвтрүүлэх саналыг удаа дараа ирүүлдэг. Японы “NHK” телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэж, 2021 оны аравдугаар сард нийтэд цацаж байлаа.  

Олны танил, алдартай эрхмүүд өөрийн нэр хүндээ ашиглан улс төрд орж, албан тушаал эрх мэдэлд горилох нь Монголд нийтлэг үзэгдэл. Харин Б.Болдсайхан эмч одоог хүртэл улс төрөөс зай барьсан, захалсан байртай алхсаар буй. Өнгөрөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх саналыг “Зөв хүн электорат” эвслээс түүнд тавьж байсан удаатай. Улс төр түүнийг эртнээс сонирхсоор ирсэн авч тэр өөрөө төдийлөн улс төрийг сонирхохгүй энэ хүрчээ. Хэрэв сонирхох аваас түүнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд зэрэг төрийн сэнтий бэлэн зэхээстэй бий хэмээн дүгнэх хүмүүс ч олон. Харин үүнд Б.Болдсайхан эмчийн өгдөг хариулт ийм. “Би өөрийгөө Болдсайхан эмч л гэж боддог. Цөөхөн мэргэжил бол мэргэжил биш, амьдралын хэлбэр байдаг. Түүгээр бүр амьдрах ёстой болдог гэсэн үг” гэж. Тэр эмнэлгийн байгууллагад сувилагч, асрагчаас нь эхлээд ерөнхий эмч, эмнэлгийн захирал хүртэл бүх л шатанд нь ажиллаж үзсэн гэдгээрээ бахархдаг юм билээ.

Тийм дээ, тэр мэргэжлээрээ амьдарч яваа хүн. Бас мэргэжлээрээ бусдад амьдрал бэлэглэж яваа хүн. Ховорхон хувь тавилан шүү. Түүнд өөр амьдрал зохихгүй. Зохих байсан ч тэр өөрөө сонирхохгүй. Бусдад амьдрал бэлэглэхээс илүү алдар гавьяа, үхлээс аврагдсан хүмүүсийн талархсан харцнаас илүү шагнал гэж юусан билээ.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он