ДЭЛХИЙД ГЭРЭЛТЭХ ОД

Маш даруухан хэрнээ тун тодоор гэрэлтэж буй Монголын од бол Э.Амартүвшин. Дэлхийн дуурийн урлагт сүүлийн жилүүдэд “Монгол” гэх нэр тод цуурайтах болсон. Гэтэл сонгодог урлаг баруунд 300-400 жилийн турш хөгжсөн. Харин Монголд их холдоо л 60 жилийн түүх яригдана. Тийм атал дуурийн урлагийн жинхэнэ одууд Азиас, тэр дундаа Монголоос төрөн гарах болов. Э.Амартүвшиний хувьд гадаадад сургууль төгсөөгүй. 2004-2009онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн Монголын л бүтээгдэхүүн.

Гэтэл тэр өдгөө хэзээний дэлхийн хүн болоод байна. Тэрбээр 2021 оны долоо, есдүгээр сард Италийн Верона хотноо “Набукко” дуурьд дуулсан бол арваннэгдүгээр сард Австрийн нийслэл Вена хотын Дуурийн театрт, арванхоердугаар сард Лондоны “Roygl Opera House”-т гол дүр бүтээж дуулж, дэлхийн хамгийн том, нэр хүндтэй театруудад дуулах урилга тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг баритон гэх хэргэмийг зүй ёсоор хүртжээ. Тиймдээ ч олон улсын дуурийн найм дахь удаагийн “Дуурийн од” шагналыг Дубай хотноо гардаж авахаар болоод буй. Энэ шагнал нь дуурийн “Оскар” хэмээн нэрлэгддэг билээ.

Э.Амартүвшингийн авсан шагнал, түрүүлсэн тэмцээн уралдааныг тоочих аргагүй. Өмнө нь П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн “BBC” агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал зэргийг хүртсэн. Мөн 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийн эзэн болж байлаа.

Нэгэн сонин тохиолыг хэлэхэд, тэр өнөөдрийн амжилтаа бүр багадаа зөгнөн мөрөөдөж байсан гэдэг. Бага байхдаа гэрийнхээ орны хөшгийг нээж гарч ирээд л “Монгол Улсын гавьяат жүжигчин Амартүвшин” гэж өөрийгөө зарлаж байгаад дуулдаг байжээ. Одоо харин тэр “Ардын жүжигчин” гэж дуудуулахаар боллоо.

Дэлхийн алдартай дуурийн театруудад бүгдэд нь дуулж үзсэн Э.Амартүвшин бол дэлхийн сонгодог урлагт үнэхээр тод гялалзаж буй од нь юм. Өдгөө тэрбээр гадаадад ажиллаж амьдардаг бөгөөд дэлхийн том дуурийн театруудад тогтмол уригдаж дуулах хуваарьтай байдаг гэнэ. Итали, Испани, Англи, Австри зэрэг сонгодог урлагийн өлгий болсон нутагт Э.Амартүвшин өөрийн алтан хоолойгоо гайхуулан бишрүүлж яваа атлаа “Би дуурийн тайзнаасаа буугаад нутагтаа очиж малчин болох байх” хэмээн даруухан ярьдаг нэгэн. Тэр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн ажээ.

Энгийн нэг малчны хотноос дэлхийн од болон гялалзах төөрөг тавилан ийм л гайхалтай. Анх П.И.Чайковскийн уралдаанаас мөнгөн медаль авчихаад “За одоо боллоо” гэж бодсон гэдэг. Гэтэл 2012 онд үүнээс ч илүү чансаатай тэмцээнд түрүүлж, түүнээс хойш сонгодог урлагийн оргил бүрийг эзэмдэх учиртай мэт л үргэлж өөдөө гялалзан буй. Од ингэж л төрдөг. Өөрөөр хэлбэл, хамгийн нам дор газраас өөдөө мацан оргилд хүрч, оргилын цаадах оргилыг ч эзлэн гялтагнаж чадсан хүнийг л чухамдаа бид од хэмээн нэрийддэг билээ.

Зарим хүн дуучдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гэж ярихаар ойлгодоггүй. Ердөө л тайзан дээр гараад л дуулахыг тэгтэл өргөн мандуулахын учир хэрэг юун гэх хүн ч гардаг. Гэтэл зөвхөн сайхан хоолойтой төрснөөр дуучин болохгүй, тэр дундаа дуучин бүр од болж чадахгүй. Үүний нууц нь л мөнөөх нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, уйгагүй хүчин чармайлт юм. Дуурийн дуучин гурван цаг тайзан дээр зогсолтгүй дуулахад газрын гүнд найман цаг ажилласантай тэнцдэг гэдэг нь ийм учиртай. Тамирчны алдар хямдхан олддоггүйтэй адил Э.Амартүвшингийн алдар суу монголчууд бидний харж л чадах өндөрт цойлон гарчээ.

 

 

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2023 он