Н.Энхбаярыг өмөөрсөн ХӨДӨЛГӨӨНҮҮД СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Огноо: 2020-05-27

Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн, нэр дэвшүүлэхээс татгалзсан. Үүнийг эсэргүүцэж Босоо Хөх Монгол хөдөлгөөн, Гол нууруудын хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр /2020.05.27/ СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Энэ талаар “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Бүх ард түмний сонгох, сонгогдох эрхийн талаар асуух гэж байна. Авлига албан тушаалын хэрэг гэж яривал МАН, АН-д улсаа зарсан, ард түмнийхээ эрх ашгаас урвасан дүүрэн авлигачид, луйварчид дүүрэн байна. Тэр нөхдүүд нь хариуцлага хүлээхгүйгээр дахин УИХ-д ордог тэр систем нь байдаг юм бол яагаад Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байгаа юм бэ. Дээд шүүхээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна, өмчийн асуудал байна гэсэн шүүхийн тогтоол нь гарчихсан байхад СЕХ бүртгэхээс татгалзлаа. СЕХ сонгуулийг зохион байгуулах олон нийтийн байгууллага атал эрх баригч намын байгууллага биш. Хуулиа зөрчиж байгааг нь асуумаар байна. Н.Энхбаяр гэдэг хүний цаана ард түмэн хохирч байна” гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлээд байсан юм.