Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилох санал гаргав

Огноо: 2020-05-23

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2020.05.22/ хуралдаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Түүнийг өмнө нь шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгож байсан ч Ерөнхийлөгч татгалзсан юм. Гэвч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ийнхүү түүний орны хүнийг яаралтай томилох санал гарсан юм.


ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИЛИЙН ДОТОР ХОЁР ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ “ЯВУУЛАВ”

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон юм. Ердөө нэг жилийн дараа түүнийг өөрийнх нь хүсэлтээ чөлөөлөв. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөв. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын дээд шүүх дээр Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах үеэрээ “Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэв.

Нэгэнт Ерөнхий шүүгчийг чөлөөлсөн учир Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч орлох зохицуулалттай.

Ц.ЗОРИГ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨВ

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байв. Хэдийгээр Ц.Зоригийн хувьд тэтгэвэрт гарах нас болсон учраас хэмээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч улс төрийн хүрээнд өөр зүйл яригдаж байв. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох шийдвэрийг УИХ гаргасан. Үүнтэй холбоотой Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг чөлөөлсөн бөгөөд Ц.Зоригийн хувьд ч “чөлөөлөгдсөн” гэдэг. Түүнийг хонгилын шүүгч хэмээн цоллож, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх “шахалт” үзүүлсэн гэж тодорхой хүрээнийхэн ярилцдаг.

Х.БАТСҮРЭН ЯАГААД ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨВ

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу анх хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргаж байв. Түүний дараа Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлага гээд бүгдийг нь сольсон. Гэвч нэг жил хүрэхгүй хугацааны дараа өөрөө зарлиг гаргаж томилсон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээ Ерөнхийлөгч чөлөөлөв. Мэдээж хуулийн салбар, улс төрийн хүрээнд Х.Батсүрэнг зүгээр ч нэг чөлөөлөгдөөгүй хэмээн олон таамаг дэвшүүлж буй. Тухайлбал, Х.Батсүрэн УИХ дээр гацаад буй Ерөнхийлөгчийн болон Засгийн газраас зэрэгцүүлэн өргөн барьсан Шүүхийн тухай хуультай холбоотойгоор Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн гэх. Тэрбээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бус Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжсэн гэх мэдээлэл байна. Түүнээс гадна шүүгчийн хувьд Ерөнхийлөгчтэй “үзэл бодол” таарахгүй байсан нь ийн өөрөө чөлөөлөгдөх шалтгаан болсон гэх хүмүүс ч хуулийн салбар дотор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь олон хүний анхаарал татаж эхлэв. Ялангуяа Х.Батсүрэнг Ерөнхийлөгч өөрөө томилсон бөгөөд цаашид түүнийг Цэц рүү явуулах уу жирийн шүүгчээр нь үлдээх үү гэдэг ч Ерөнхийлөгчийн “гарт” бий.

Сонирхуулахад, Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд Улсын дээд шүүхээс хоёр шүүгчийг санал болгож, томилуулах зохицуулалт бий.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ХЭН БОЛОХ ВЭ?

Улсын дээд Шүүхийн шүүгч нарын хуралдааныг өнөө, маргаашдаа зарлана. Учир нь тавдугаар сарын 25-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих учраас Ерөнхийлөгч түүнээс урьтаж томилгоогоо хийх болов уу. Улсын дээд шүүхийн шүүгч нарын хувьд бүрэлдэхүүн дутуу байгаа ч байгаа бүрэлдэхүүнээрээ саналаа хурааж, олонхын санал авсан хүнээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Х.Батсүрэнгийн өмнө шүүгч нарын зүгээс Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлж байсан ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй. Тиймээс энэ удаад шүүгч нарын зүгээс түүнийг дахин нэр дэвшүүлэх болов уу гэсэн таамаг байна. Мөн бас нэг эмэгтэй шүүгчийг томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.