2020 оны сонгуульд өрсөлдөх сэтгүүлчид

Огноо: 2020-05-23

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд албан ёсоор нэр дэвшигчдээ танилцуулаад буй. Энэ удаагийн сонгуульд сэтгүүл зүйн салбараас олон хүн өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхлээд байна. МАН-аас хоёр,  АН-аас гурав, МАХН-Та бидний эвслээс дөрөв, Хүн нам-Зөв хүн электорат эвслээс гурав, Гэр хорооллын хөгжлийн намаас хоёр, Шинэ эвслээс хоёр, бие даан нэр дэвшиж буй хоёр сэтгүүлч тус тус өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй сэтгүүл зүйн гал тогооноос улс төрийн гал тогоонд хүчин зүтгэхээр болоод буй нэр дэвшигчдийг танилцуулж байна. 


  • СЭТГҮҮЛЧ Ц.ЭНХБАТ: Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд боловсрол эзэмшин, “Утга зохиол” сонины редакцаас гараагаа эхэлсэн Ц.Энхбат Монголын сэтгүүл зүйд “шилдэг менежер” байж чадсан хүн. 1990-ээд онд Монголын ардчилал, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд барууны улс орнууд ихээхэн анхаарал хандуулж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэний нэг нь Данийн Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төсөл байсан юм. Энэ төслийн хүрээнд Монголд хоёр байгууллагыг үүсгэн бий болгосон нь Хэвлэлийн хүрээлэн, “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэр юм. Монголын сэтгүүлчдэд барууны сэтгүүл зүйн онолын үндсийг таниулах, ардчиллын суурь зарчмуудыг ойлгоход Хэвлэлийн хүрээлэн онцгой үүрэгтэй байсныг одоо үеийнхэн бараг мэдэхгүй байх. Хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирлаар Ц.Энхбат томилогдон, ардчиллын нэг тулгуур багана болсон салбарын шинэчлэлийг гардан хийсэн гавьяаг Ц.Энхбатал оногдоно. Хэвлэлийн хүрээлэнгийн дараа Ц.Энхбат телевизийн салбар руу шилжсэн. МҮОНТВ, ТВ9, ETV телевизийн захирлаар ажилласан. Үүнээс ТВ9, ETV-ийг шинээр эмхлэн байгуулсан. Шинэ байгууллагыг суурийг зөв тавьж, цаашдын мөрийг засна гэдэг шилдэг менежерийн хийж чадах зүйл. Сэтгүүл зүйн салбараас төрсөн Монгол Улсын Гавьяат цолтны нэг Ц.Энхбат Монголын сэхээтний төлөөлөл. Аав Д.Цэнд нь Монгол Улсын Гавьяат багш, Төрийн соёрхолт, эрдэмтэн судлаач буурай байсан бөгөөд эдүгээ олон зуун шавь нь Монголын нийгмийг гэгээрүүлсээр явна. Д.Цэнд багг Монголын анхны үндэсний сурах бичгийг зохиосон гавьяатай. “Монголын уран зохиол” сурах бичгээрээ Төрийн соёрхол хүртсэн анхны багш юм. Ц.Энхбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ эвслээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна.
  • СЭТГҮҮЛЧ Д.ЭНХТУЯА: Телевизийн салбарт хүчээ үзэж байсан Доржзовдын Энхтуяа улс төрд хүчээ үзэхээр сэтгэл шулууджээ. Телевизийн салбарт цэргээс дарга хүртэл замнаж яваа дайчин сэтгүүлчдийн нэг Д.Энхтуяа энэ удаа Дархан-Уул аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөнө. Д.Энхтуяа Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Германы Карлсроугийн олон улсын сэтгүүл зүйн их сургуулийг дүүргэж, МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхлэн, “Ийгл”, “NTV” телевизүүдэд мэдээний албаны дарга, УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТ-ийн захирал зэрэг алба хашсан байна. Тэрбээр одоо өөрийн үүсгэн байгуулсан “TV2” сувгийн захирлаар ажиллаж буй аж. Монголын утга зохиол, сэтгүүл зүйд Доржзовд нэрээр овоглогдсон Энхболд, Энхтөр, Энхбат, Энхбаяр, Энхтүвшин, Энхтуяа гэсэн өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй авъяастнуудыг төрүүлсэн ховорхон гэр бүл бий. Тэр өнөр бүлд Д.Энхтуяа төрж өссөн азтай нэгэн.
  • МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР: МСНЭ-ийн ерөнхийлөгч төдийгүй “Эрхэт Монгол” ХХК-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Мандахбаярын хувьд энэ удаагийн сонгуульд МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшихээр болж буй. Түүний үүсгэн байгуулсан компани нь сайт, телевиз, сэтгүүл, сонин гээд хэвлэл мэдээллийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ялангуяа Өмнөговь аймгийн байгаль орчны төлөөх тэмцэл нь энэ удаагийн сонгуульд нөлөөлөх болов уу. Түүний хувьд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдож, хэвлэ мэдээллийн салбарын холбогдох хууль тогтоомжид идэвхийлэн оролцсон гэдэг.
  • “ИЙГЛ” ТЕЛЕВИКИЙН СЭТГҮҮЛЧ Б.ЖАРГАЛМАА: Түүний хувьд сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил уран ажиллаж, өөрийн гэсэн “Бадарчийн Жаргалмаа” хэмээх ярилцлагын нэвтрүүлгээрээ олонд танигдсан. Монголын ард түмэнд дүр төрхөөрөө, дуу хоолойгоороо танигдсан тэрбээр орчин тойрноо гэрэлтүүлж, хайр цацруулж явдаг сайхан хүмүүсийн нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй.
  • СЭТГҮҮЛЧ О.БАТХАНД: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшиж буй. Сэтгүүлчийн гараагаа ТВ9 телевизээс эхлүүлж, УИХ-ын Тамгын газрын даргын алба хашиж байсан туршлагатай сэтгүүлчдийн нэг.
  • “БЛҮҮМБЭРГ” ТЕЛЕВИЗИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ДОЛГИОН: Тэрбээр энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас элитүүдийн тойрог болох Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ. Түүний хувьд Блүүмберг телевизийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч, “Forbes” сэтгүүлийн Монгол дахь гүйцэтгэх захирал, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэж буй.  Бизнес, эдийн засгийн хүрээлэлд өөрийн гэсэн өнгө төрхтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэргүүлдэг цөөн хэвлэлийг тэрбээр тэргүүлдэг юм.
  • ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ ТОЙМЧ Ч.ҮЛ-ОЛДОХ: Сэтгүүл зүйн салбар тэр дундаа өдөр тутмын сонинтой амьдралаа холбосон тоймч, сэтгүүлч Ч.Үл-Олдохын хувьд энэ удаагийн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс төрөлх Сүхбаатар аймагтаа нэр дэвшиж буй.  Өдөр тутмын сонины гал тогооноос өрх тусгаарлалгүй өнөөдрийг хүртэл тэр асуудал дэвшүүлж, хөндөж, сонирхолтой ярилцлага бэлтгэсээр иржээ. Тэрбээр энэ удаад гаднаас нь биш дотроос нь уриатайгаар оролцож буй.
  • МҮОНРТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН М.НАРАНБААТАР: Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй.  Олон нийтийн үндэсний телевизийг удирдана гэдэг туршлага, менежмент их чухал гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс МҮОНРТ-ийн багагүй хугацаанд удирдаж явсан тэрбээр энэ удаад Сонгинохайрхан дүүргийн “үзэгчдэдээ” дүн тавиулах нь ээ.
  • ПАРЛАМЕНТ ТЕЛЕВИЗИЙН ТОЙМ Т.БОЛД: Түүний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Гэр хорооллын хөгжлийн нам”-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй. Мэргэжлийн сэтгүүлч биш ч энэ салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй нэвтрүүлгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон билээ.
  • СЭТГҮҮЛЧ Я.МӨНГӨНЦЭЦЭГ: Тэрбээр энэ удаад “Гэр хорооллын хөгжлийн нам”-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ.  Монголын хамгийн том өдөр тутмын сонин болох Өдрийн сониноос ажлын гараагаа эхлүүлж Хотын дарга Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байх үед хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний дараа “Гэр хорооллын хөгжлийн нам”-ыг үүсгэн байгуулалцаж, одоо тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
  • “ИЙГЛ” ТЕЛЕВИЗИЙН ГАДААД МЭДЭЭНИЙ ТОЙМЧ Г.ГАНБАЯР: Түүний хувьд Зөв хүн элэкторат эвслээс Чингэлтэй дүүрэгт өрсөлдөнө.  Мэдээ, мэдээллийн www.time.mn сайтад ажиллаж байгаад Ийгл телевизийн гадаад мэдээний тоймчоор ажиллаж, гадаадад болж буй үйл явдлуудыг өдөр бүр үзэгчдэдээ тоймлон хүргэсээр эчнээ танил болсон.
  • НИЙТЛЭЛЧ Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн. Д.Түмэн-Өлзийг хүмүүс Артанъян нэрээр нь илүү их таних болов уу. Баабарын шилдэг нийтлэлчдийн нэг.
  • ПАРЛАМЕНТ ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ Ж.ОТГОНБАЯР: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө. Эх орон телевиз, Парламент телевизийн захирлаар ажиллаж, пи-ар чиглэлээр идэвхтэй нэгэн.
  • СЭТГҮҮЛЧ Б.ЦОНДОВДОРЖ: Шинэ эвслээс энэ удаагийн сонгуульд Төв аймагт нэр дэвшиж буй. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, редактораар ажиллаж байсан юм.
  • СЭТГҮҮЛЧ Б.БААСАНБЯМБА: Сэтгүүлч, хөтлөгч тэрбээр энэ удаагийн сонгуульд төрөлх нутаг Завхан аймагтаа бие даан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Сэтгүүл зүйн салбартай амьдралаа холбож, МҮОНРТ болон Ийгл телевизэд хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан.
  • СЭТГҮҮЛЧ Г.ЧОГЛООНАМЖИЛ: Түүний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт өрсөлдөж буй. МҮОРТ-ийн ММ агентлагийн мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгчээр олон жил ажилласан.
  • СЭТГҮҮЛЧ Л.ӨНӨРБАЯР: Монголын зөн билгийн академийн тэргүүн бөгөөд Зөв билгийн тулаан-Монголд шоу нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч юм. Түүний хувьд Та бидний эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.
  • СЭТГҮҮЛЧ Ш.ХИШИГСҮРЭН: Тэрбээр Та бидний эвслээс энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, өрсөлдөнө. “Соён гэгээрүүлэгч” телевизийн үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж буй.

Ш.ОЧ