ЭТТ 1.5 сая иргэний ногдол ашгийг шилжүүлээгүй байна

Огноо: 2020-05-21

“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Ногдол ашиг тараана гэж мэдээлснээс хойш 21 дэх өдөртэйгөө золгосон ч иргэдийн дансанд шилжээгүй байгаа юм. Эхэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн” гэдэг тайлбар хийсэн ч одоо харин ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болсон.

Иргэд ч “1072 хувьцааны мөнгө чинь орсон уу”, “Ногдол ашиг тараах ажил сонгуулийн шоу болоод өнгөрөх вий”, “Хувьцааны мөнгийг зургаан сарын дараа өгнө гэнэ, үнэн үү” гэхчлэн биенээсээ асууж, сураг тавина. Яагаад өнөөдрийг хүртэл ногдол ашиг тарааж эхлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна гэдгийг ч хэлж буй юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн С.Тавинжилийнх ам бүл тавуулаа. Гэр бүлээс нь гурван хүн 1072 хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Хоёр нь 750, нэг нь 1072 хувьцааны ногдол ашгаа бүтэн авах юм. Гэвч ногдол ашиг тараах ажил сонгуулийн шоу болоод өнгөрөх вий дээ хэмээн ярьж сууна.

“УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР НОГДОЛ АШИГ ТАРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ БУРУУ”

МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Г.Намуунаа:

-Би 1072 хувьцааныхаа бүртгэлийг онлайнаар баталгаажуулсан. 1072 хувьцааны 90 орчим мянган төгрөг авах юм. Энэ жил их сургуулиа төгсч байгаа. Диплом хамгаалахаас эхлээд л мөнгө хэрэгтэй  байгаа. Иргэдэд ногдол ашиг хуваарилбал авчихмаар л байна. Гэвч хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Ногдол ашиг болгон тараах мөнгө нь улсад байгаа ч юм уу. Улс төрийн зорилготой 1072 хувьцааны ашиг хүртээх гэж байгаа бол буруу.

“1072 ХУВЬЦАА СОНГУУЛИЙН ШОУ ЮМ БИШ ҮҮ”

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Отгонбаяр:

-1072 хувьцааны дансаа холбож, баталгаажуулсан. Өмнө нь 1072 хувьцаанаас 300 мянган төгрөгийг нь өгсөн шүү дээ. Уг нь тавдугаар сарын 1-нээс иргэддээ ашиг хүртээнэ гээд байсан. Гэтэл одоо 20 гаруй хонож байна. Хэзээ өгөх нь тодорхойгүй болчихлоо. Манай гэр бүлээс гэхэд гурван хүн 1072 хувьцааны ногдол ашиг авна. Энэ бараг улс төрийн сонгуулийн шоу юм биш үү. Энэ мөнгийг иргэдэд өгнө гэдэгт нэг их итгэлгүй л байна.

“ХУВЬЦААНЫ МӨНГИЙГ ЯАГААД ОЛГОХГҮЙ БАЙНА ВЭ”

Чингэлтэй дүүргийн иргэн С.Тавинжил:

-Би хоёр долоо хоногийн өмнө 1072 хувьцааныхаа дансыг нээлгэж, баталгаажуулсан. Хувьцааны мөнгийг иргэдэд ямар шалтгаанаар олгохгүй байгааг ойлгохгүй байна. Улс төрийн сонгуультай холбоотой юм уу, ард иргэдийнхээ амьдралыг бодсондоо ингэж мөнгө тараах гээд байгаа юм уу. Манай гэр бүлээс гурван хүн 1072 хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Хоёр нь 750, нэг нь 1072 хувьцааны ногдол ашгаа бүтэн авах юм. Энэ мөнгө ажил төрөлгүй байгаа хүмүүст их хэрэгтэй. Өнөөдөр тавдугаар сарын 20-ны өдөр болчихлоо. Сонгуулийн шоу болоод өнгөрөх юм биш үү?

“Миний хувьд цэнхэр, ягаан тасалбараа шалгуулаад явж байна. Би брокер диллерийн компани дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, 5000 төгрөгөөр дансаа баталгаажуулсан. Ихэнх хүмүүс 1072 хувьцааны дансаа баталгаажуулаагүй учраас олгохгүй удаад байгаа юм болов уу” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Г.Чулуунцэцэг хэлж байв.

“ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НОГДОЛ АШИГ ТАРААНА ГЭДЭГ МЭДЭЭЛЛЭЭ ҮГҮЙСГЭВ”

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр өнгөрсөн долоо хоногт /2020.05.11/ мэдээлэл хийх үеэрээ “Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна гэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас албан ёсоор мэдэгдээгүй. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л банкны дансаа баталгаажуулсан байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банкинд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 693 мянган иргэний гээд нийт нэг сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн. 1072 хувьцааны ногдол ашиг яагаад иргэдийн дансанд орохгүй байгаа вэ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна” гэдэг тайлбарыг хэлсэн юм.

Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өгч байв.

Тэр үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд байгалийн баялгаас тэгш хүртэнэ гэсэн эрхтэй. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр “Эрдэнэс Тавантолгой” компанииргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. Өнгөрсөн 2016 оноос хойш манай  компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2016 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж, сүүлийн хоёр жил бүрэн барагдуулж дууссан. Ингэснээр 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Монгол Улсын төрийн өмчит компани маш сайн ажилладаг гэдгийг харуулсан бодит жишээ. Мөн төр муу менежер биш гэдгийг харуулсан. Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэлээ.

1072 хувьцаатай нэг сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741  хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ хоёр сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг.

Өнөөдөр 850 орчим иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүд байгаа. Мөн гадаадад байгаа иргэд бий. Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ” гэдгийг хэлсэн байдаг.

“1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХАД БЭЛЭН” 

Харин энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй “Одоогийн байдлаар дансаа нээлгэж, арилжааны банкны данстайгаа холбуулсан, ямар нэгэн асуудалгүй нэг сая орчим иргэний 60 тэрбум төгрөгийг ҮЦТХТ-д шилжүүлсэн. Үлдсэн 1.5 мянган иргэний 1072 хувьцааны мөнгийг шилжүүлэхэд бэлэн байна. Одоо үлдсэн иргэдийн мэдээлэл, бүртгэлийг бүрэн хянаж ирүүлээгүй байгаа учраас хүлээгдэж байна. Манай компанийн хувьд өнгөрсөн 2019 оны ашгаасаа ногдол ашиг өгөх учраас ногдол ашгаа тараахад бэлэн гэв.

Энэ ажилд “Эрдэнэс Тавантолгой” компаниас гадна ҮЦТХТ, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сангийн яам гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байгаа аж.

Жишээлбэл, овог нэр нь давхардсан өөр регистертэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байна. Мөн бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй” гэдгийг албаныхан мэдээлсэн. Иргэдийн хувьд хувьцааны данс нээх, баталгаажуулахад хугацаа заагаагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

“1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ХЭСЭГЧИЛЖ ӨГӨХГҮЙ”

ҮЦТХТ Монгол Улсын хэмжээнд хувьцаа, бонд хадгалдаг, арилжааны дараах төлбөр тооцоог гүйцэтгэдэг төрийн байгууллага. Уг төвийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөрөөс 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээнээс хуваарилах талаар лавласан юм.

Тэрбээр “Иргэдийн дунд 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ өгөх вэ гэх хүлээлттэй байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашгаа манай байгууллагаар дамжуулан хуваарилах гэж байна. Засгийн газраас хэсэгчилж, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхгүй гэдэг чиглэл баримталж байна. Манай байгууллага дээр үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр ирээгүй байна.

Засгийн газраас нийт 2.5 сая иргэнээс гадна аж ахуй нэгжийн хувьцааны ногдол ашгийг нэгэн зэрэг олгоно гэдэг бодлого баримталж байна. Манай байгууллага Сангийн яамны харьяа байгууллага. Холбогдох хуулиудад тухайн үнэт цаас гаргагч компани манай байгууллагатай ногдол ашиг тараах гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу хувьцааныхаа тоо ширхэгт тааруулсан мөнгийг шилжүүлснээр тарааж эхэлнэ.

Тэрнээс биш эхний ээлжинд 50 хувь, дараагийн ээлжинд 50 хувийг нь өгнө гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгаагүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс үнэт цаасны данстай нэг сая иргэний ногдол ашгийн 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ дараагийн 1.5 сая иргэний ногдол ашгийг өгөөгүй байна. Манай байгууллагаас тархалтын судалгааг хийж, нийт 2.5 сая иргэний тоо болон хувьцааны тоо ширхэг гаргаж өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа шилжүүлдэг. Хэзээнээс иргэдэд олгох нь тодорхойгүй байна” гэлээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН