Н.Номтойбаярыг гүтгэсний цаад зорилго нь “сонгууль” байжээ

Огноо: 2020-05-19

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг улстөрөөс холдуулахын тулд “найруулсан хор” өдөр ирэх тусам ил болж эхэллээ. Ганцхан жишээ дурдахад, Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэгт холбогдуулан, нийгэмд буруу ойлголт өгөх цаад шалтгаан нь сонгууль байжээ. Тодруулбал,энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн. Тухайн үед Н.Номтойбаяр гишүүн “Та бүхэн мэдэж байгаа. Г.Батхүү агсны хэрэгт намайг холбохын цаана улстөр бий. Талийгаачийн дүү нь ирэх сонгуулиар Дорнодод,  хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа” хэмээн хэлж байв. Гэтэл энэ үг худал биш гэдэг нь өнгөрсөн бямба гарагт тодорхой боллоо.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу Дорнод аймагт Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг нэр дэвшихээр болсныг зарлалаа. Мөн Өвөрхангай аймагт Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг ил дэвших эрхээ авсныг мэдээлэв. “Намайг улстөрийн зорилгоор гүтгээд байна” гэх түүний үг үүнийг ийнхүү гэрчиллээ.

Үүгээр ч зогсохгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ойрын хүн, түүний “гал хамгаалагч” гэх генерал Ц.Сэргэлэн мөн л Хил хамгаалах Ерөнхий газрын даргын албан тушаалаа өгсөн буюу Дорнод аймагт нэр дэвшихээр гүйж байна” хэмээн Н.Номтойбаяр  “Цензургүй яриа” нэвтрүүлгээр ярьсан нь саяхан. Тэгвэл, генерал Ц.Сэргэлэн сонгуульд нэр дэвших эрхээ авсныг АН зарлачихлаа.  Товчхондоо, улстөрийн хэрэг, захиалга, бохир технологид оролцож, “хор”-нд хутгалдаж байсны цаад зорилго нь бас л сонгууль байжээ.

Энэ мэтчилэн Монголын улстөрд өрсөлдөгчөө зайлуулахын тулд “үлгэр зохиож”, тактикын дагуу хөдөлж, гэмгүй нэгнийг гэмт хэрэгтэн болгохын төлөө улайрдаг, түүндээ нийгмийн уур амьсгалыг хандуулдаг ээлжит ажиллагаа ийнхүү баримтаар нотлогдож эхэллээ. Улс төрөөс өрсөлдөгчөө явуулахын тулд хуулийн байгууллага нь хүртэл хүний амиар улстөр хийж, хүссэнээ харлуулж болдог гажуудал хэзээ арилах вэ